Хэрвээ бид дадал зуршил хэвшүүлэх аргуудыг ойлгочихвол шинэ хэвшсэн үйлдэлтэй болох нь тийм ч хэцүү асуудал биш юм. Ихэнх хүмүүс ямар нэгэн зуршлыг хэвшүүлэхийн тулд маш их тэсвэр, тэвчээр эсвэл өөрийгөө хянах чадвар хэрэгтэй гэж боддог, үнэхээр тийм гэж үү?
Өөрийгөө хянах чадвартаа найдан, хүчин чармайлт гаргаж шинэ дадал зуршил хэвшүүлэх гэж оролдох нь стрессгүй, сэтгэл санаа тогтвортой байх үед л ашиг тусаа өгдөг. Гэвч урт хугацаандаа энэ нь тийм ч тогтвортой арга биш юм. Дадал зуршил гэдэг нь санаатайгаар, өөрийгөө хянаж, хүчилж хийдэг ямар нэг үйлдэл биш, харин санаандгүйгээр, ямар ч хүчин чармайлтгүй, байнга хийдэг үйлдэл буюу autopilot үйлдэл юм. Жишээ нь: Бид хаалга нээхдээ энэ хаалгыг яаж нээх вэ гэж огт бодолгүй, өдөр тутмыг амьдралд хэрэглэдэг дадлаараа нээдэг.
Бидний өдөр тутмын амьдралдаа хийдэг үйлдлийн 43% нь дадлын хүчээр хийгдэж байдаг.
Шинэ дадал зуршил хэвших хугацаа харилцан адилгүй байдаг. Зуршил тогтооход 21 хоног хэрэгтэй гэж та сонсож байсан л байх, харин энэ 21 хоног гэсэн тоо хаанаас гарч ирснийг мэдэх үү? 1950-аад онд доктор Максвелл Мальцийн хийсэн судалгаагаар хамрын мэс засал хийлгэсэн өвчтөнүүд өөрийн шинэ царайндаа дасахад 21 хоногийн хугацаа шаардагдаж байсан байна. Үүнээс хойш дадал зуршил зуршлыг хэвшүүлэхэд 21 хоног шаардлагатай гэсэн хийсвэр ойлголт гарч ирсэн гэж үздэг. Гэтэл дадал зуршил зуршлыг хэвшүүлэхэд шаардагдах хугацаа харилцан адилгүй байдаг, жишээ нь: өглөө нэг аяга ууж хэвшихэд 2 долоо хоног, өдөр бүр gym явах зуршил 3-аас 4 сарын дотор хэвшдэг гэсэн судалгаа байдаг.
Дадал зуршлын тухай сонирхолтой жишээнүүдээс дурдвал…
Зарим компаниуд ажилчиддаа ямар нэгэн дадлыг хэвшүүлж, тэдний бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэглэдэг, зарим нь хэрэглэгчдийг илүү их худалдан авалт хийлгэхэд зуршлыг ашигладаг гэнэ. Жишээ нь:
- Америкийн Uber компани шинэ жолоочдоо таксинд явах зуршил хэвшүүлэхийн тулд өмнөх хүргэлтээ хийж байх хооронд дараагийн хүргэлтийг нь бэлдэж өгдөг байна. Ингэснээр жолоочид хүргэлтээс хүргэлтийн хооронд бодох хугацаа гардаггүй бөгөөд энэ нь жолоочийг илүү удаан хугацаагаар ажиллаж, таксинд явах зуршил хэвшүүлэхэд нөлөөлдөг байна.
- Netflix компани кино дууссаны дараа дараагийн ангийг 9 секундийн дотор автоматаар эхлүүлж үзэгчдийг дэлгэцийн өмнө удаан хугацаагаар уядаг.
- Компаниуд хэрэглэгчдийг хэрхэн илүү их худалдан авалт хийх дадал зуршилтай болгохоо маш сайн мэддэг. Хамгийн энгийн жишээ нь түргэн хоолны газар ороход: Та хоолтойгоо хамт төмс авах уу? гэсэн асуулт, энэ нь худалдан авалтыг хялбаршуулж, тийм эсвэл үгүй л гэсэн хариулт өгөх хэмжээнд хүртэл амар болгодог тул хүмүүс маш амархан уг зуршилд өртдөг.
Бас нэгэн судалгаагаар…
Кино үзэнгээ попкорн идэх зуршилтай болон ийм зуршилгүй хүмүүс дээр ажиглалт хийжээ. Судалгааны үеэр оролцогчдод кино театрт трэйлэр үзүүлэнгээ шинэхэн зөөлөн ба хуучирсан хатуу 2 төрлийн попкорн өгсөн байна. Кино үзэнгээ попкорн идэх зуршилгүй хүмүүс зөвхөн шинээс нь идсэн ба хуучирснаас нь бараг идээгүй байна. Гэтэл попкорн идэх зуршилтай хүмүүс шинэ ба хуучин аль аль төрлийн попкорноос 70%-г нь идсэн байна. Судалгааны дараа тэднээс попкорн ямар амттай байсан бэ гэж асуухад бүх оролцогчид хуучирсан хатуу попкорныг маш муухай амттай байсан гэж хариулжээ. Үүнээс харахад попкорн идэх зуршилтай хүмүүс хэдий амтыг нь таашаагаагүй ч гэсэн зуршлаа даган идсэн байна.
Уг судалгааны дараа судлаачид баруун гараа ашиглаж хэвшсэн хүмүүсийн зүүн гар талд нь, зүүн гараа ашиглаж хэвшсэн хүмүүсийн баруун гар талд нь попкорныг тавьж ажиглалт хийсэн байна. Хачирхалтай нь энэ удаад кино үзэнгээ попкорн идэх зуршилтай хүмүүс хуучирсан хатуу попкорноос идээгүй байна. Эндээс үзэхэд зуршлыг хийхэд саад болох буюу бодох хугацаа олгоход хүмүүс тухайн үйлдлээ хянаж эхэлсэн байна.
Тэгвэл бид өөрсдөдөө хэрхэн дадал зуршил хэвшүүлэх вэ?
Хялбарчлах. Сайн дадал үүсгэхийн тулд тухайн үйлдлийг аль болох хийхэд хялбар, бодох шаардлагагүй болгох, харин муу зуршлаасаа салахын тулд тухайн үйлдлийг хийхэд хэцүү, бодох буюу санаатайгаар хийх шаардлагатай болгох хэрэгтэй. Хэрвээ өглөө эрт сэрээд дасгал хийхийг хүсэж байгаа бол гүйлтийн хувцастайгаа унтах, ингэснээр өглөө сэрээд хувцсаа солих үйлдлийг хялбаршуулж, бодох шаардлагагүй, сайн дураараа хийхэд туслах юм.
Урамшуулах. Биднийг шагнуулах агшинд тархинд допамин гэдэг бодис ялгарч байдаг ба энэ нь тархи болон дадал зуршлын хооронд холбоо тогтооход тусалдаг. Гэхдээ допамин нь үйлдэл хийгдэх тухайн агшинд л ялгарч байдаг учраас шинэ дадал зуршлаа тухай бүрд нь урамшуулах хэрэгтэй. Жишээ нь: Эрүүл хооллох зуршил тогтоох гэж байгаа бол маш сайхан амттай эрүүл хоол идэж өөрийгөө урамшуулах нь 1 сар энгийн эрүүл хоол идээд сарын дараа сайхан амттай хоолоор урамшуулахаас илүү үр дүнтэй юм. Сонирхуулахад, тамхи татахад никотин тархины никотин мэдрэгч эсүүдэд 10 секундийн дотор очиж, урамшуулал үүсгэдэг ба энэ үйл явц маш хурдан болж өнгөрдөг тул хүмүүст тамхи татах зуршил илүү амархан хэвшдэг юм байна.
Шинэ зуршил үүсгэхдээ ашиглаж болох санаанууд:
- Байгаагаа ашиглах. Өөрийн одоо хийж хэвшсэн үйлдэл дээрээ өөр нэг үйлдлийг нэмэх.
- Өдөөх. Хэвшүүлэхийг хүссэн үйлдлээ хийхийг сануулсан ямар нэгэн зүйлийг бий болгох.
- Замбараагүй байдлыг ашиглах. Шинэ газар нүүж очих, шинэ орчинд орсноо ашиглан шинээр зуршил үүсгэх.
Эх сурвалж: https://www.npr.org/2019/12/11/787160734/creatures-of-habit-how-habits-shape-who-we-are-and-who-we-become
Дадал ба зуршил гэдэг нь нэг ойлголт уу эсвэл хоёр өөр ойлголт уу гэж удаан бодож, зарим нэг толь бичигийг харьцуулсны эцэст миний ойлгож байгаагаар:
- Дадал гэдэг нь ямар нэгэн үйлдлийг хүчин чармайлт гаргахгүй хийж байгааг (жишээ нь: шүдээ угаах чадвар)
- Зуршил гэдэг нь тухайн үйлдлийг аж амьдралдаа оруулсан байгаа хэвшлийг, (жишээ нь: орой бүр шүдээ угаах шийдвэр гаргах)